The tradition & historical record
4 min read · 2 sourcesУул, ус тахих монгол ёс нь монголчуудын олон мянган жилийн турш уламжлагдаж ирсэн уламжлалт ёс заншил юм. Уул, ус, байгалаа тахих нь байгаль орчноо дээдлэн хамгаалж, зохицон амьдрах нүүдэлчин түмний үндсэн ойлголт юм. Хүн өөрөө байгалийн салшгүй нэг хэсэг бөгөөд түүний бүтээгдэхүүн гэдгээ ойлгосон учраас анхнаасаа орчин тойрноо шүтэн биширч зөв зохистой ашиглаж ирсэн байна. Хүний өөрийн мөн чанараас урган гарсан байгаль дотор өөрөө амьдрах учраас түүнийг хайрлан хамгаалах үзэл санаа юм. Уул, ус, ургамал цэцэгс бүгд амьд гэдэг ойлголт байдаг учраас түүнийг хайрлаж хамгаалахаас гадна шүтэж, харьцаж ирсэн бөгөөд хүсэл мөрөөдлөө шивнэж иржээ. Улмаар уул, усаа тахидаг болжээ. Эрт цагаас Монголчууд уул овоог орон нутгийн хэмжээнд шүтэж тахиж байснаас гадна түүхийн сурвалжид тэмдэглэснээр XIII зууны үед Чингис хаан Бурхан Халдун уулыг тахиж шүтэж байхыг зарлигдаж байжээ. Эх болсон байгаль дэлхийгээ хүмүүнчлэн үзэж хайрлан хамгаалах, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг бататган бэхжүүлэх, ард иргэдийнхээ эх оронч, үндэсний үзлийг сэргээн бадраах утга санаа энэхүү тайлга тахилгын ёслолын ач холбогдолд оршиж буй. 2017 онд Монгол Улс ЮНЕСКО-ийн биет бус өвийн жагсаалтад уул, ус тахих ёс заншлыг бүртгүүлсэн байна. 1
Төрийн тахилгат уулс
Монгол улсад 890 гаруй тахилгтай газар бүртгэгдсэн байна. Монгол төрөөс Уул, ус тахихыг дэмжиж Төрийн тахилгат 10 хайрхныг онцлоод байна. Үүнд: 1
Бурхан Халдун хайрхан
Бурхан Халдун нь Монгол улсын Хэнтий аймагт байх Хэнтийн нуруунд багтах уул юм. Чингис хааны төрсөн нутаг бөгөөд түүний булш байдаг гэсэн домогтой, монголчуудын эрхэмлэн шүтдэг уул юм. Бурхан халдун уул нь ар өврөөрөө битүү модоор хучигдсан, зөвхөн орой хавьдаа сийрэг модтой, тайгын тачир ургамалтай уул юм.1995 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, 2004 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2009 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар тус тус зарлиг буулган Бурхан Халдун уулыг Төрийн тахилгат уул хэмээн нэрлэж, уулын тэнгэрийг тайх төрийн ёслолыг дөрвөн жилд нэг удаа үйлдэж байхаар болсон. 2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бурхан Халдун уулыг ЮНЕСКО-ийн дэлхийн соёлын өвд бүртгүүлэх санал боловсруулан хүргүүлэх тухай зарлиг гаргасан. 1
Богд Очирваань Отгонтэнгэр хайрхан
Отгонтэнгэр уул нь Монгол Улсын баруун бүс, Завхан аймгийн нутагт орших Хангайн нурууны хамгийн өндөр уул юм. Энэхүү уул нь Хангайн нурууны тахилгатай, ариун дагшин уул бөгөөд монголчууд эртнээс нааш тахиж шүтэж ирсэн байна. Далайн түвшнээс дээш өндөрт өргөгдсөн учраас уулын оргил хэсэг нь мөнх цас, мөстэй. Отгонтэнгэр хайрхныг “Очирваань” бурхны орон буюу Богд Очирваань хайрхан хэмээн нэрлэх болсон нь Монгол дахь Буддын шашны гурав дахь их дэлгэрэлтийн үе буюу 1585 оны хавиас эхтэй. Очирваань бурхныг арван хангал дотроо төдийгүй бүх ядам бурхдын дунд гойд хүч чадлаараа нэрд гарсан тул “чадал хүч” хайрлагч хэмээн шүтэх явдал XVI зууны сүүлчээс монгол орноо үлэмж дэлгэрсэн байна. Түүнчлэн Очирваань бурхныг “Монголыг даасан ядам” гэж эрхэмлэн үздэгтэй холбоотой Отгонтэнгэр уулыг “Очирваань бурхны орон” гэх буюу эзэн нь “Богд Очирваань” гэж монголчууд бэлгэшээж тайж шүтсээр ирсэн уламжлалтай. 1
Сутай хайрхан
Сутай хайрхан уул нь цаст Гималайн уулсаас тасарч Алтайн нурууны нэгээхэн хэсэг, Баатар хайрхан уулын зүүн хэсэгт хүй цөглөн урган тогтсон хэмээн эртний домогт өгүүлдэг. Эрт цагт Сүүтэй уул хэмээх нэрлэдэг байснаас улбаалан Сутай хайрхан уул гэж нэрлэдэг болжээ. Эрт цагт хүмүүс уг уулнаас зэрлэг үхэр буулган гаршуулж, сүүг нь саан ахуй амьдралдаа хэрэглэдэг байснаас үүдэн Сүүтэй уул хэмээн нэрлэдэг байсан гэх домог тайлбар байдаг. Сутай хайрхан уулын ихэнх хэсэг нь Говь-Алтай аймгийн нутагт оршдог боловч цаад талаараа Ховд аймгийн Дарви, Цэцэг сумын нутагт хаяагаа тэлж тогтсон хайрхан юм. Хан буурал Алтайн хамгийг тольдогч арван гурван мөнх цаст оргилын нэг нь Сутай хайрхан уул юм. 1
Хан-Хөхий хайрхан
Монгол Улсын Увс аймгийн нутагт орших уулсын систем юм. Ханхөхий уул нь ой мод, ус, гол элбэгтэй томоохон уул бөгөөд Увс аймгийн Зүүнхангай, Өндөрхангай, Цагаанхайрхан сумын нутагт оршдог. Хангайн нурууны баруун хойд залгаа болж оршино. Цөлийн хээрийн бүс нэмэгдэх үйл явцыг хязгаарладаг экологийн тэнцвэрийг хадгалахад чухал ач холбогдолтой нутаг. Ханхөхий нурууг 2205 ам километр талбайгаар, Хяргас нуур орчмыг 3320 ам километр талбайгаар 2000 онд улсын тусгай хамгаалалтад авчээ. Ханхөхийн нуруу нь цөлийн хээрийн бүс нэмэгдэх үйл явцыг хязгаарладаг экологийн тэнцвэрийг хадгалахад чухал ач холбогдолтой газар юм. 1
The text above is adapted from the Wikipedia article “Уул, ус тахих монгол ёс”, available under the Creative Commons Attribution-ShareAlike 4.0 licence. 1
Mountain and water worshipping in Mongolia is traditional custom in Mongolia, according to the structured record cited below. This entry was generated automatically from that record and has not yet been reviewed by a person familiar with the tradition. 2





